БНСУ-ын Сүншиль цахим их сургуультай хамтын ажиллагааны эхлэл тавигдлаа
"Нарийн гарц" олон хэл, хэл шинжлэлийн хүрээлэн болон БНСУ-ын Сүншиль цахим их сургууль хамтын ажиллагаагаа эхлүүлэх чиглэлээр анхны албан уулзалтаа амжилттай зохион байгууллаа.
2026 оны 7 дугаар сарын 29-ний өдөр болсон уулзалтад "Нарийн гарц" олон хэл, хэл шинжлэлийн хүрээлэнгийн төлөөлөл Б. Очирбаяр (Ph.D) болон БНСУ-ын Сүншиль цахим их сургуулийн Төлөвлөлт, стратегийн хэлтсийн дарга Ким Жи Өнь нар оролцож, хоёр байгууллагын хамтын ажиллагааны боломж, цаашдын хөгжлийн чиглэл, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцон хамтран ажиллах үндсэн чиглэлүүд дээр харилцан ойлголцолд хүрэв.
"Нарийн гарц" ХХК нь 2019 оноос эхлэн өөрийн цахим сургалтын платформыг бие даан хөгжүүлж ирсэн бөгөөд өнөөдөр сургалтын студи, судалгаа хөгжүүлэлтийн алба тогтмол үйл ажиллагаа явуулж, орчин үеийн боловсролын хэрэгцээнд нийцсэн онлайн сургалтын цогц системийг тасралтгүй хөгжүүлэн ажиллаж байна.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын иргэд БНСУ-ын Сүншиль цахим их сургуулийн 28 бакалаврын мэргэжлийн хөтөлбөрт Монгол Улсаас болон дэлхийн аль ч улсаас цахимаар суралцах боломжтой болох юм. Ингэснээр суралцагчид эх орноосоо гаралгүйгээр БНСУ-ын их сургуулийн бакалаврын зэрэг эзэмших шинэ боломж нээгдэж байна.
Цаашид талууд боловсролын чанарыг дээшлүүлэх, цахим сургалтын орчныг хөгжүүлэх, олон улсын боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж байна.



Сэтгэгдэл (2)
Сэтгэгдэл үлдээх
Санал бодлоо бусадтай хуваалцаарай.