Дэрим их сургуулийн 1 жилийн онлайн хөтөлбөрийн төгсөлтийн үйл ажиллагаа

2018 оноос хойш ...
Дэрим их сургууль нь 1977 онд байгуулагдсан бөгөөд үйлдвэрлэл, технологийн салбарын хүний нөөц бэлтгэх чиглэлээр олон жилийн туршлага хуримтлуулсан нэр хүндтэй сургууль юм. Тус сургууль нь Хёндэ зэрэг томоохон аж үйлдвэрийн байгууллагуудтай хамтран ажиллаж, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд онцгой анхаарч ирсэн билээ.
2018 оны зун тус сургуулийн Гадаад харилцааны албаны дарга Жу Жи Ён багштай уулзсанаар бидний хамтын ажиллагаа эхэлсэн юм. Улмаар зөвхөн албан ажлын хүрээнд бус, судлаачдын хувьд нөхөрлөж, Монголын залуучуудын боловсрол, хөгжлийн төлөө хэрэгжүүлж болох олон төсөл, санаачилгын талаар санал бодлоо солилцсоор ирсэн.
Манай Жу Жи Ён багш их даруухан хүн. Тэрээр Монголын залуучуудад ямар асуудал тулгарч байна, юунд хамгийн их дэмжлэг хэрэгтэй байна гэдгийг надаас байнга асууж, санаа бодлыг минь сонсдог. Би ч мөн өөрийн хэмжээнд мэдэх бүхнээ хуваалцаж, бодит байдлыг ойлгуулахыг хичээдэг.
Магадгүй ийм л харилцан ойлголцол, итгэлцлийн үндсэн дээр бид олон жилийн турш хамтран ажиллаж, Монголын залуучуудад бодит үр өгөөжтэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломж бүрдсэн байх.
Ийнхүү 2021 оноос хойш ярилцаж, төлөвлөж, судалж ирсэн ажлын үр дүнд “Дэрим” их сургуулийн нэрэмжит танхим болон онлайн-хосолсон сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх онцгой эрхийг бид авч чадсан билээ. Өнөөдөр энэхүү хамтын ажиллагааны анхны үр шим гарч, хөтөлбөрийн эхний төгсөгчдийн Монгол болон солонгос дахь төгсөлтийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Төгсөгчид маань бүгд ТОПИК-ийн шаардлагатай оноог авч, дараагийн шатны сургалтад хамрагдах шалгуураа бүрэн хангаад байна. Энэхүү хөтөлбөр нь БНСУ-ын их, дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцах, мэргэжлээ дээшлүүлэх, олон улсын боловсролын боломжийг ашиглахад үнэтэй хувь нэмэр оруулах юм.
Төгсөлтийн үйл ажиллагаа Монгол Улс болон БНСУ-д үе шаттайгаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд тун удахгүй БНСУ-д болох төгсөлтийн арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.



Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл үлдээх
Санал бодлоо бусадтай хуваалцаарай.